
Кембрижийн олон улсын хөтөлбөр
Кембрижийн хөтөлбөрийн хувьд “Сургалтын хөтөлбөр, багшлахуй ба суралцахуй, сургалтыг дэмжсэн нөөц, үнэлгээ зэрэг нь хоорондоо нягт уялдаатай байж, хувь хүний хөгжил, сэтгэл санааны болон бие махбодын сайн сайхан байдлыг дэмжсэн тохиолдолд боловсрол хамгийн сайн ажиллана гэдэгт итгэдэг” хэмээн вэб хуудастаа байрлуулжээ. Кембрижийн хувьд давуу талаа олон улсын хөтөлбөр, багшлахуй ба суралцахуй, үнэлгээ, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал, олон төрлийн хичээлийг нь олон их сургуульд хүлээн зөвшөөрөгддөг байдал, 160 орны 10000 сургуулийн коммунити, мөн эцэг эх сурагчид гэж тодорхойлсон байна. Судалгаанд суурилсан агуулга ихтэй бичиг баримтуудыг Кембрижийн хөтөлбөрийн вэб сайтаас түлхүү олж авах боломжтой байгаа нь шилдэг судалгааны их сургуулиудын нэг Кембрижийн их сургуулийн нөлөөлөл байна.
Кембрижийн олон улсын хөтөлбөрийн онцлог нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт бүрэн нийцэхээс гадна шат дараалсан хөтөлбөрүүдийн хоорондох агуулгын залгамж холбоо маш сайн байдаг.
Кембрижийн олон улсын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн үндсэн 5 хөтөлбөртэй бөгөөд үүнээс 4 үе шат нь ерөнхий боловсролын сургуульд хэрэгждэгийг дараах зураг 2-оос харах боломжтой.

Эх сурвалж: Cambridge Assessment International Education
Кембрижийн бага боловсрол /Cambridge Primary 5-11 нас/: Энэхүү бага боловсролын хөтөлбөр нь зургаан жилийн хөтөлбөр юм.
Кембрижийн анхан дунд боловсрол /Cambridge Lower Secondary 11-14 нас/: Энэхүү гурван жилийн хөтөлбөр нь Кембрижийн ахисан дунд боловсролын IGCSE хөтөлбөрөөр үргэжлүүлэн хичээллэхэд хэрэглэгдэх суурь мэдлэгийг олгодог.
Кембрижийн зүгээс дээрх бага болон анхан дунд боловсролын түвшинд санал болгож буй хичээлийн тоогоо тогтмол нэмж ирснээр 2024 оны байдлаар хөтөлбөр тус бүр арван хоёр төрлийн хичээл санал болгож байна. Ингэснээр сүүлийн арван жилд санал болгож буй хичээлийн тоо тус хоёр түвшинд гурав дахин өсжээ.
Кембрижийн ахисан дунд боловсрол /IGCSE 14-16 нас/: Уг IGCSE (International General Certificate of Secondary Education) хөтөлбөр нь 14-16 настнуудад зориулсан дэлхийн хамгийн их нэр хүндтэй хөтөлбөр юм. Суралцагчид хүсэл сонирхол, авьяас чадвар, ирээдүйд суралцах мэргэжлийнхээ дагуу 70 гаруй хичээлээс (30 гаран хичээл нь гадаад хэлний хичээл) сонгон суралцдаг. Эдгээр хичээл нь бүлгүүдэд хуваагддаг бөгөөд тодорхой заагдсан бүлгүүдээс нийт 7 хичээлийн шалгалтад тэнцэн амжилттай өгөхөд ICE гэрчилгээ буюу олон улсын Кембрижийн хөтөлбөрийн суурь боловсролын гэрчилгээ гардан авна. IGCSE шалгалтын сертифекат болон ICE гэрчилгээний үнэ цэнэ өндөр байдаг. Америкийн Нэгдсэн Улсад 811 ИДС, коллеж, Сингапур улсад 16 ИДС, коллеж, Канад улсад 57 ИДС, коллеж, Австрали улсад 18 ИДС, коллеж элсэн суралцахыг зөвшөөрдөг.
Кембрижийн бүрэн дунд боловсрол /16-19 нас/: AS болон A level түвшний хөтөлбөрөөр 55 хичээл санал болгодог бөгөөд тодорхой заасан бүлгүүдийн хичээлээс нийт 7 кредит цуглуулбал AICE диплом буюу олон улсын Кембрижийн бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсч болно. AS level нь тал кредит, A level нь бүтэн кредит гэж тооцогдоно. Гадаадын шалгуур өндөртэй их сургуулиудын элсэлтийн болзолд ахисан түвшний хичээлүүдийн шалгалтын дүн маш чухал үүрэгтэй. Ерөнхий боловсролын сургуульдаа ахисан түвшний хичээлийг судалж шалгалтыг амжилттай өгснөөр хүүхэд аль ч их дээд сургуульд ямар нэгэн бэрхшээлгүйгээр сурч чадна гэж үздэг. Кредит шилжүүлснээр цаг хугацаа болон эдийн засагт хэмнэлттэй. AS болон A level түвшний шалгалтын сертифекатын үнэ цэнэ өндөр байдаг. Америкийн Нэгдсэн Улсад 971 ИДС, коллеж, Сингапур улсад 20 ИДС, коллеж, Канад улсад 61 ИДС, коллеж Австрали улсад 59 ИДС, коллеж элсэн суралцахыг зөвшөөрдөг.
Кембрижийн олон улсын хөтөлбөрийн хүрээнд авагддаг стандарт шалгалтууд
Кембрижийн олон улсын хөтөлбөрийн хүрээнд суралцагчид дараах олон улсын шалгалтуудыг өгдөг. Үүнд:
-
Cambridge Primary Checkpoint
-
Cambridge Lower Secondary Checkpoint
-
Cambridge IGCSE
-
Cambridge AS
-
Cambridge A level
Кембрижийн бага болон анхан дунд боловсролын хөтөлбөрүүдийн хичээлүүд нь шалгалттай, шалгалтгүй гэсэн хоёр хувилбартай байдаг бол ахисан дунд боловсролын IGCSE, бүрэн дунд боловсролын AS & A level хөтөлбөрийн хувьд санал болгож буй хичээл нь бүгд шалгалт өгөх боломжтой байдаг. Суралцагчид хөтөлбөрүүдийн төгсгөлд шалгалтуудаа өгөн сертификат, диплом зэргийг авах боломжтой.
Кембрижийн олон улсын хөтөлбөрийн шалгалтууд 4-6 дугаар сард маш өндөр хяналтын дор явагдаж, бүх засалтыг Кембрижийн мэргэжилтнүүд Англи улсад хийж, үнэлдэг. Олон улсын шалгалтын үеэр шалгалт авах анги танхимыг бусад анги танхимуудаас тусгаарлаж, шалгалтын материалуудыг 24 цагийн хяналттай тусгай шаардлагын дагуу бэлтгэсэн шалгалтын материал хадгалах өрөөнд хадгалдаг. Шалгалтыг 24 цагийн камерийн бичлэгтэй тусгай зааврын дагуу бэлтгэсэн зориулалтын анги танхимд мэргэжсэн шалгалтын хянагч багш нар гардан явуулна. Шалгалт дуусмагц суралцагчдын нүдэн дээр шалгалтын материалыг битүүмжлэн, олон улсын буухиа шууданг дуудан Кембрижийн олон улсын шалгалтын төв рүү шууд илгээдэг. Шалгалтын үйл явцад ямар нэгэн алдаа гарган хариуцлага алдсан тохиолдолд Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс Кембрижийн эрхийг хасах арга хэмжээ авах нөхцөлтэй байдаг. Иймд олон улсын шалгалтын үеэр ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэхгүйгээр Кембрижийн бие төлөөлөгч нар сургууль дээр гэнэт зочилж, шалгалтын явцыг хянадаг.